Торгуулийн шийтгэлийг хуульд заасан хугацаанд төлбөл 50 хувь хөнгөрүүлнэ
Шийтгэврийн дугаар: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/70
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Цагдаагийн газраас иргэн А.Э-г 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б аймгийн С сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд эрх бүхий албан тушаалтнаас захиргааны шийтгэл, албадлагын арга хэмжээ авхуулах тухай саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Зөрчлийн хэргийн холбогдогч Э.А нь Б аймгийн С сумын нутагт 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 1.46% промиль согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Улсын Их хурлын 2023 оны 12 сарын 07-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь 5.1 дэх заалтад заасан буюу согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг үйлдсэн хүнд оногдуулах шийтгэлийг “…тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” гэж хүндрүүлсэн бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлнэ” гэх өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Иймд шүүхээс холбогдогч Э.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн бөгөөд холбогдогч нь хуульд заасан хугацаанд торгуулийг төлсөн тул 50 хувиар хөнгөрүүлж 200.000 төгрөгийг төлсөн байна.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь харах холбоос:
Тойм бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл