Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэний хэргийн шийдвэр

Эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдсөн болохыг мэдсэн үеэс хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргана.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.3.24-ний өдрийн №142/МА2023/00011 магадлал
Тоймын дугаар огноо: №08, 2023.05.09
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч “Б” аймгийн “С” сумын “У” цэцэрлэгт холбогдуулан “нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх,  тэтгэмжийн 4 740 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Л.А нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулахдаа шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлэхгүй орхигдуулсан байхаас гадна шаардлагаас хальж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааны дотор эрх бүхий байгууллагад хандах ёстой байсан гэж дүгнэсэн.

Ажилтан өөрийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтанд хяналт тавих, буруу болон дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Л.А-гийн нийгмийн даатгалын дутуу бичилтэнд нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж,

Харин сум, тосгон, багийн сургууль цэцэрлэгийн багш, туслах багш нарын таван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж буюу 4 740 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд Л.А нь эрх зөрчигдсөн болохоо мэдсэн буюу мэдэх боломжтой байсан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй тул хуульд заасан хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй, 5 жил буюу 60 сар тасралтгүй ажилласан байх гэсэн хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, нэхэмжлэлээс тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Магадлалыг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/26994?daterange=2023-01-01%20-%202023-04-17&id=2&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг.

Related Articles

Back to top button