Мод бэлтгэх эрхийн бичиг авсан ч эрхийн бичигт заасан зориулалтаар мод бэлтгэхгүй бол гэмт хэрэг болно
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Огноо: 2022.12.14
Шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/272
Шийдвэрийн тойм-1
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Иргэн Д 2022 оны 10 дугаар сард Б аймгийн Х сумын нутаг “Ц” гэх газраас ойн цэвэрлэгээний ажлын зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий байгууллагаас авсан байна.
Д нь эрхийн бичигт заасан хугацаанд зөвшөөрсөн газарт, мод бэлтгэхээр очиж унианга мод бэлтгэж, машины тэвш дүүрээгүй гэх шалтгаанаар 2 ширхэг шинэс төрлийн босоо модыг хөрөөдөж, машины тэвшинд таарах хэмжээгээр 38 ширхэг болгон тайрч бэлтгэн байгаль экологид 67.701 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүх Д-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан ялаас чөлөөлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан моторт хөрөө, “Бонго жи-2” загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж, хохирлыг нөхөн төлүүлэх, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Д нь мод бэлтгэх эрхийн бичигт зааснаар ойн цэвэрлэгээний зориулалтаар буюу амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчрийг цэвэрлэх замаар мод бэлтгэх атал ургаа мод хөрөөдөж унагаасан нь Эрүүгийн хуульд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт хамаарна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: ЭНД ДАРЖ танилцана уу.
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл