Хамтран амьдрагчийнхаа хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийсэн бол албадан сургалтад хамрагдаж, баривчлах шийтгэл эдэлнэ
Магадлалын дугаар: 2025/ДШМЗ/07
Магадлалын төлөв: Хүчин төгөлдөр /нэрс зохиомол болно/
2025.05.07. Магадлалын тойм
Иргэн Сансар нь хамтран амьдрагч Нарантай хүүхдийнхээ дэргэд маргалдаж, улмаар Наранг дотуур хувцастай нь гэрээсээ хөөж гаргасан байна. Энэ үйл явдлын талаар Наран цагдаад мэдэгдсэн бөгөөд Эрх бүхий албан тушаалтан Сансарыг Нарангийн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийсэн энэхүү үйлдлийг хүүхдийн дэргэд үйлдсэн гэж Зөрчлийн хэрэг нээж шүүхэд ирүүлжээ.
Зөрчлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, … эд хөрөнгө захиран зарцуулах эрхэд халдсан … нь эрүүгийн хариуцлага хүлээхээргүй бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг.
Анхан шатны шүүхээс Сансарыг Нарангийн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийсэн мөн хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь нотлогдсон тул Сансарыг 40 цагийн албадан сургалтад хамруулж, 9 хоног баривчлахаар шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх Сансарын гаргасан … Миний бие нь Наранг цохиж зодсон, хэл амаар доромжилсон, айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй. Тиймээс миний хэргийг дахиж хянаж баривчлах шийтгэлийг өөрчилж өгнө үү гэх давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд Сансар болон түүний өмгөөлөгч нь баривчлах шийтгэл оногдуулахгүй байх үндэслэл бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй мөн Сансарын гаргасан зөрчилд торгох шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм бичсэн: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр