Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн № 04 шийтгэвэр.
Шүүхийн шийдвэрийн тойм 2024.02.09
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Холбогдогч З.М нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах иргэн Х.Б-ын гэрт бусдын амгалан тайван алдагдуулсан гэх мэдээлэлд Булган аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах тухай саналтай ирүүлснийг шүүх хянан хэлэлцэв.
Тус хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах хугацаа 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дууссан байхад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг бүртгэлтийн хугацааг сунгаагүй атлаа эрх бүхий албан тушаалтан нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг авах, холбогдох лавлагаа гаргуулан авах зэрэг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчлийн нотлох баримт нь … холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг … бусад баримтаар тодорхойлогдоно” гэж мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус хуульчлан тогтоожээ.
Эрх бүхий албан тушаалтны Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж цуглуулсан нотлох баримт нь нотлох чадвараа алдах бөгөөд хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
Иймд шүүх эрх бүхий албан тушаалтны хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт, хуульд заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд ирүүлсэн саналыг үндэслэн холбогдогчид шийтгэл оногдуулах үндэслэлгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад зааснаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах холбоос:…
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу