МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН АГУУЛАМЖ БҮХИЙ УРГАМЛЫГ ХУУЛЬ БУСААР БЭЛТГЭСЭН, ХАДГАЛСАН БҮЛЭГ ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭВ
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаа сарын 13-ны өдрийн дугаар 2026/ШЦТ/58 шийтгэх тогтоол
Шүүхийн шийдвэрийн тойм № …, 2026.03.31
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүгдэгч Б.Т, Д.Т, Б.Э, Б.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж 2025 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө “дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9-tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 5,480 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт хадгалсан үйлдэлд прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлснийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын түүж, тээвэрлэж явсан ургамлаас делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламж илэрсэн болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад заасан сэтгэцэд нөлөөт бодист хамаардаг байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Иймд шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суугаа газар, сургууль, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох болон тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах эрх зүйн үр дагавартай юм.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах холбоос:…
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу
https://shuukh.mn/single_case/131769?daterange=2026-01-01%20-%202026-03-12&id=1&court_cat=2&bb=1

