ТӨРСӨН ОХИНОО ХҮЧИНДСЭН ЭТГЭЭДЭД ЯЛ ОНОГДУУЛАВ
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Огноо: 2022.12.15
Шийдвэрийн дугаар: №274
Шийдвэрийн тойм – 3
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Прокуророос иргэн Б-г “… өөрийн төрсөн охин, бага насны хүүхдийг удаа дараа хүчиндсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар, Б нь 2019 оноос 2022 он хүртэл хугацаанд насанд хүрээгүй өөрийн төрсөн охиндоо хүч хэрэглэж, удаа дараа бэлгийн харьцаанд орсон нь тогтогдсон байна.
“Хүчиндэх” гэмт хэрэг нь эмэгтэй хүний хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх, эсхүл өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулж үйлдсэн байдаг бөгөөд энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн тохиолдолд ял шийтгэлийг хүндрүүлэхээр Эрүүгийн хуульд заасан байна.
Шүүгдэгч Б нь арван дөрвөн насанд хүрээгүй бага насны хүүхдийн хүсэл зоригоос гадуур бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан, өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Шүүхээс Б-г бага насны буюу 13 нас 10 сартай төрсөн охиныхоо эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хаалттай хорих байгууллагад 15 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Уг шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл