Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэний хэргийн шийдвэр

Бичгээр гэрээ байгуулж, нотариатаар батлуулаагүй бол хүү авах эрхээ алдана

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2023.08.28 132/ШШ2023/00383

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2023.08.28. Шүүхийн шийдвэрийн хураангуй №06

Дорж нь зээлүүлсэн мөнгөний хүү болох 1,000,000 /нэг сая/ төгрөгийг Цэцэгээс гаргуулна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Дорж нь нэхэмжлэлээ дэмждэг бөгөөд хариуцагч Цэцэг нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, үндсэн зээл болон хүүг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулсан, зээлдүүлэгч Дорж нь зээлдэгч Цэцэгт 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, Цэцэг нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 4,900,000 төгрөг, 3 дугаар сарын 27-ны өдөр 7,100,000 нийт 12,000,000 төгрөгөөр тус тус төлсөн байх ба Дорж, Цэцэг нар нь энэ талаар маргадаггүй.

Цэцэг нь 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн дотор зээл, зээлийн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээн” гэж хуульчилсан ба Дорж, Цэцэг нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.

Гэвч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх бөгөөд Дорж, Цэцэгээ нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нь бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлээгүй, амаар байгуулсан гэрээ тул Дорж нь Цэцэгээгээс хүү авах эрхээ алдаж байна.

Иймд Цэцэгээгээс зээлийн хүү 1,000,000 төгрөг гаргуулах Доржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг

Related Articles

Back to top button