Мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдийн олсон орлого, гэмт үйлдэлдээ ашигласан гар утсыг улсын орлого болгов
Шийтгэх тогтоолын дугаар: Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/223.
Шүүхийн шийдвэрийн тойм 2023.12.11
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
М.П, Д.М нар нь урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж “Pokerrrr 2” нэртэй онлайн сайтад “омогшил”, “чандмань”, “хатан” “пүүл” гэх нэртэй клуб байгуулж мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор гар утсан дахь хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулсан байна.
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос М.П, Д.М нарыг дээрх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг тооцдог бөгөөд М.П, Д.М нарыг “…Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор гар утсан дахь цахим хөзөр ашиглан үр дүнг нь төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулах …” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж шүүхээс дүгнэв.
Дээрх гэмт хэрэг үйлдсэн хүнд “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр Эрүүгийн хуульд заасан.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, байдал зэргийг харгалзан шүүхээс прокурорын саналын хүрээнд М.П, Д.М нарт торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, гэмт үйлдэлдээ ашигласан 2 ширхэг гар утсыг улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах холбоос:
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу