Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг хэвээр үлдээв
Шийтгэврийн дугаар: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ЗШ/557
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Цагдаагийн газраас иргэн Д-г 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б аймгийн Х сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан бөгөөд шийтгэлийг хүчингүй болгуулахаар холбогдогчийн гаргасан гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэв.
Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаж үзвэл холбогдогч Д нь Б аймгийн Х сумын нутагт 2023 оны 07 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 01 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 0.63% промиль согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдсон байна.
Монгол улсын Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-д шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэж тус тус заасан ба холбогдогч нь дархлаагаа дэмжиж өглөө Салимон бэлдмэл, орой сумын наадам үзэж, ангийхантайгаа уулзаж айраг уусан гэх тайлбар гаргаж байгаа боловч түүний согтолтын зэрэг нь 0.63% промиль байгаа нь дээрх журамд зааснаар түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болжээ.
Иймд шүүхээс эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай холбогдогчийн гомдлыг хангахаас татгалзаж, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь харах холбоос:
Тойм бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл