Хохирогч өөрт учраагүй хохирлоо шаардах эрхгүй
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023.03.13-ны өдрийн №2023/ДШМ/05 дугаартай магадлал
Тоймын дугаар огноо: №07, 2023.04.14
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Д.Э хувийн хоорондын таарамжгүй харилцаанаас болж О.Ү-тэй маргалдаж улмаар түүний зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос: Д.Э-г хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх: Д.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Д.Э-гээс 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ү-д олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “…шүүх эм тарианы 500 000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг нотлох баримтаар тооцож шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэсэн буруу байна…” гэсэн агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүх 500 000 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан гэх баримт нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтад хамаарахааргүй байхад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хангаж шийдвэрлэсэн нь буруу байна гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Д.Э-ын учруулсан гэмтэлд дээрхи эм тарианы бүтээгдэхүүнийг хохирогч хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно.
Магадлалыг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/16697?daterange=2023-01-01%20-%202023-04-17&id=2&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал