Эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгов
Шийтгэврийн дугаар: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ЗШ/329
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Цагдаагийн газраас иргэн И-ыг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б сумын нутаг дэвсгэрт гудамж талбайд согтууруулах ундааны зүйл болох шар айраг уусан гэж хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000 /хорин таван мянга/ төгрөгөөр торгосныг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаж үзвэл “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль хүчингүй болсон байна.
“Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуульд согтууруулах ундааг хаана хэрэглэсэн тохиолдолд хэрэглэхийг хориглосон газарт хамааруулан ойлгох талаар тусгайлан хуульчлаагүй байхад Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь хүчингүй болсон “Архидан согтуурахтай тэмцэх тухай”-ийн зохицуулалт буюу “гудамж, талбай, цэцэрлэг”-т согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох заалтыг баримталж иргэн И-ыг согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан гэж 25 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Иймд шүүхээс эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудас оногдуулахдаа холбогдох хүчин төгөлдөр хууль тогтоомжийг ашиглах талаар анхааралтай хандах шаардлагатай байгааг дурдав.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь харах холбоос:
Тойм бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл