Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэний хэргийн шийдвэр

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах боломжтой.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.24-ний өдрийн №214/ШТ2023/00005 тогтоол
Тоймын дугаар огноо: №06, 2023.04.10
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Иргэн З.М нь иргэн О.Б-д холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч З.М-ийг  тухайн газрын хууль ёсны эзэмшигч мөн тул бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч О.Б  эс зөвшөөрч гомдол гаргасан боловч давж заалдах шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.

Гэтэл хариуцагч О.Б нь “шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн шийдвэр илэрсэн” гэж шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

Шүүх хариуцагчийн хүсэлтийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Учир нь хуульд зааснаар “шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл, … шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шийдвэр, төр, захиргааны бусад байгууллагын шийдвэр хууль бус байсны улмаас хүчингүй болсон” бол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болдог.

Ийнхүү шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл байгааг мэдсэнээс хойш хүсэлт гаргагч нь 30 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдлоо бичгээр гаргах бөгөөд шүүх уг хүсэлтийг хэлэлцээд хангах эсхүл хангахгүй орхих шийдвэрийн аль нэгийг гаргадаг.

Хүсэлтийг хангасан тохиолдолд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах журамтай.

Тоймыг бэлтгэсэн: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг.

Related Articles

Back to top button