Бусдын гээгдэл эд хөрөнгө буюу гар утсыг завшсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэв
Шийдвэрийн дугаар: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/ 200
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Иргэн М-ийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
М нь Б аймгийн О сумын Тамгын газрын гадаах модон жорлон буюу 00 орохоор явж байгаад 00-ын гаднах хогийн саван дээр хохирогч Н-ийн мартаж орхисон Самсунг A14 загварын гар утсыг олж, бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилдээ авч завшсан байна.
Эрүүгийн хуульд зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор заасан.
Гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх бөгөөд түүнийг олсон этгээд зохих байгууллагад мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн бөгөөд шүүгдэгч М нь энэ үүргээ биелүүлэхгүйгээр, хохирогч О-г удаа дараа өөрийн утас руугаа залгахад авахгүй, дууг нь хааж, симийг нь салгаж өөрийн сим картыг хийж дур мэдэн өөртөө ашигласан байх тул бусдын эд хөрөнгийг завшсан гэм буруутай гэж шүүхээс дүгнэв.
Энэ гэмт хэргийг үйлдсэн хүнийг 450.000-2.700.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан бөгөөд, шүүгдэгч М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч М-д торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь харах холбоос:
Тойм бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл