Айлын гэрийн гаднаас 2 удаа буудсан этгээдийг хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулав.
Шийтгэх тогтоолын дугаар: Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/44
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Иргэн Б нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Б аймгийн Б сумын нутагт дэвсгэрт хохирогч Т-г гэртээ амарч байх үед нь ан агнуурын зориулалттай винтов буугаар гэрийн гаднаас нь 2 удаа буудсан үйлдлийг Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Б нь Т-г гэртээ амарч байхад нь ан агнуурын зориулалттай винтов буугаар гэрийн гаднаас нь 2 удаа буудаж алахыг завдсан болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэн, Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан“хүнийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт“… Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна…”, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “…Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин таван жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ…”гэж заасан байдаг.
Монгол улсын Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ялын дээд хэмжээг дээрх байдлаар тогтоосон бөгөөд “хүнийг алахыг завдах” гэмт хэрэгт 6 сараас 10 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах асуудлыг шүүх Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэнээс ч хараат бусаар хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ.
Шүүх бүрэлдэхүүн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-д цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн болно.
Тойм бэлтгэсэн: Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ.