Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодвол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
Шийтгэврийн дугаар: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/128
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Иргэн Э-г “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Э нь согтууруулах ундаа зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж уг хугацааг дуусаагүй байхад дахин Б аймгийн Х сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2.57 промил согтолттой үедээ Toyota Prius-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а дахь заалтыг зөрчсөн байна.
Эрүүгийн хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор заасан.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульд тайлбарласан байх тул шүүгдэгч Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Зөрчлийн тухай хуульд зааснаар 01 жилийн хугацаагаар хасуулж, уг хугацаа дуусаагүй үед дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс дүгнэж, Э-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь харах холбоос:
Тойм бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл