Тул загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэсэн этгээдийн тээврийн хэрэгслийн үнийг улсын орлого болгож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав
Шийдвэрийн дугаар: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/50
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Шүүгдэгч Б.А нь 2024 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө “Эг”-ийн голоос 2 ширхэг тул загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр, Амьтны тухай хуулиар хориглосон арга хэрэгсэл болох “тор” хэрэглэн агнаж, тээвэрлэн явахад нь эрх бүхий албан тушаалтан таслан зогсоож, прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцэв.
Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.4 дэх заалтад “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлнэ” гэж тодорхойлсон бөгөөд “ховор амьтан”-ы жагсаалтыг Засгийн газар батлахаар хуульчилсан бөгөөд тул загас нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан байна.
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, … тэдгээрийн түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн…” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тогтоосон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлыг тухай амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон гэм буруутай этгээдээс гаргуулах”-аар хуульчилсан.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, байгаль экологид учруулсан 1.690.000 төгрөгийн хохирлыг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 13,593,500 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах холбоос:…
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу