Прокурор нь төрийн байгууллагыг төлөөлж санаачилгаараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх,
2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 304/ШЗ2025/03490 дугаартай шүүгчийн захирамж

Шийдвэрийн төлөв: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар захирамжид гомдол гаргах хугацаа тоологдож байгаа болно.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

Орхон аймгийн Прокурорын газар нь Д.С-д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 452,628 /дөрвөн зуун тавин хоёр мянга зургаан зуун хорин найм/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэл гаргахдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэсэн боловч уг зохицуулалт нь ямар зардлыг хэнээр, хэрхэн төлүүлэх талаар заасан материаллаг эрх зүйн зохицжжлалт бөгөөд прокурорын газарт нэхэмжлэл гаргах эрхийг заагаагүй байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь гагцхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.
Прокурорын газар нь төр, нийгмийн эрх ашиг зөрчигдсөн болон эрх бүхий байгууллага татан буугдсан бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Эрүүл мэндийн даатгалын газар нь төрийн байгууллага бөгөөд өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн чадамжтай бөгөөд заавал прокурор оролцох шаардлага үүсээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан.
Шүүх Орхон аймгийн Прокурорын газар нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн Д.С-д холбогдуулан гаргасан Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 452,628 /дөрвөн зуун тавин хоёр мянга зургаан зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав.

Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг

Related Articles

Back to top button