Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэлийг буцаах үндэслэл болно
Шүүхийн нэр, захирамжийн дугаар: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 132/ШЗ2023/00548 дугаартай шүүгчийн захирамж
Тоймын дугаар, огноо: №3, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Агуулга: “Тана” ХХК-аас А.Дуламд холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагт товлон зарлажээ.
Шүүх хуралдаан эхлэхийн өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Отгоо нь БНЭУлс руу ажлаар явсан ба 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ирэх байсан боловч онгоц саатсаны улмаас ирж чадаагүй тул 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 15:00 цагт болох шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. Төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгээ оролцоно гэх хүсэлтийг ирүүлсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хууль зүйн туслалцаа авах эрхтэй.
Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтэд дурдсан үйл явдлыг нотолсон нотлох баримт /гадаад улс руу явсан тухай нотлох баримт буюу гадаад паспорт дээрх тэмдэглэл эсхүл онгоцны тасалбарын хуулбар зэрэг/-ыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж шүүх үзсэн.
Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийг буцаах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн.
Иймээс шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр