Иргэний хэргийн процесс

Хариуцагчаар хэнийг шүүх хуралдаанд оролцуулахыг нэхэмжлэгч шийдвэрлэнэ

Шүүхийн нэр, захирамжийн дугаар: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 132/ШТ2023/00016 дугаартай шүүхийн тогтоол
Тоймын дугаар, огноо: №4, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

Иргэн  Орхон нь Баатараас 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх шатанд хариуцагч Баатар нь хамтран хариуцагчаар Дуламыг оролцуулах тухай хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч Орхон нь хариуцагчаар Дуламыг татахгүй 27,000,000 төгрөгийг Баатараас гаргуулна гэв.

Хуульд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд нь хохирол учруулсан эсхүл түүний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа этгээдийг хариуцагчаар татан оролцуулах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны шатанд хамтран нэхэмжлэгч болон хамтран хариуцагчийг оролцуулахыг хуульд зөвшөөрсөн байдаг.

Гэхдээ хамтран хариуцагчийг оролцуулах эсэх асуудлыг шүүх зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Дуламыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч Орхон хүлээн зөвшөөрсөн нөхцөлд Дуламыг хамтран хариуцагчаар оролцуулж болно. Харин нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тохиолдолд Дуламыг хамтран хариуцагчаар оролцуулах боломжгүй байна.

Иймд хариуцагчийн гаргасан хамтран хариуцагчаар Дуламыг оролцуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул хариуцагчийн шүүх хуралдаанд  гаргасан хамтран хариуцагч оролцуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр

Related Articles

Back to top button