Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана
Шүүхийн нэр, захирамжийн дугаар: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 132/ШЗ2023/01003 дугаартай, шүүгчийн захирамж
Тоймын дугаар, огноо: №5, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
“А” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
“А” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцуулахаар Н-г томилсон итгэмжлэлийг хавсаргажээ.
Гэвч “А” ХХК-ийн өмнөөс салбарын захирал Х шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч нь хуулийн этгээдийг төлөөлж байгаа бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учиртай.
Харин иргэнийг төлөөлөх бол итгэмжлэлээ нотариатчаар гэрчлүүлж шүүхэд нэхэмжлэл гарах эрхтэй.
Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг