Иргэний хэргийн процесс

Байгууллага нь татан буугдаагүй, өөрчлөн байгуулагдаагүй бол шүүх ажилласан жилийг тогтоохгүй

Шүүгчийн захирамжийн дугаар: 132/ШЗ2023/00115
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2023.01.30 Процессын тойм  №1

Иргэн А нь  2019 оны 01 дүгээр сарын 3-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Цагдаагийн газарт сумын цагдаагаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хулээн авахдаа тухайн үйл явдлыг зайлшгүй шүүхийн шийдвэрээр тогтоолгох шаардлагатай эсэхийг анхаарч үзнэ.

Иргэн А-ийн ажиллаж байсан байгууллага татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа, уг байгууллагын баримт нь архивт хадгалагдаж байгаа нөхцөлд тухайн хүний ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн, ажлын байр өөрчилсөн тухай холбогдох бичилтийг хийх, зөвтгөх, засвар оруулах эрх, үүргийг тухайн байгууллага хүлээнэ. Өөрөөр хэлбэл Цагдаагийн ерөнхий газар, орон нутаг дахь Цагдаагийн газрууд нь татан буугдаагүй тэдгээрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тул тус газруудад ажилладаг, ажиллаж байсан хүмүүсийн ажилласан жилийг шүүх шууд тогтоохгүй.

Иймд нэхэмжлэгч өөрийг нь ажил, албан тушаалд томилсон байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хандан ажилласан хугацааны албан тушаалын бичилтэд өөрчлөлт, засвар оруулуулах хүсэлтээ гаргах эрхтэй тул нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Харин байгууллага энэ үүргээ биелүүлэхгүй байгаа бол тухайн иргэн захиргааны хэргийн болон ерөнхий харьяаллын шүүхэд албан тушаалтны хууль бус ажиллагаанд гомдол гаргах эрхтэй юм. 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. 

Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр

Related Articles

Back to top button