Хатуу хучилттай зам дээр мал дайруулсны малчинд учрах хохирлын тодорхой хувийг малчин өөрөө хариуцна
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.
1.Нэхэмжлэгч Дондог нь хариуцагч Батад холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 19-ны шөнө автомашин жолоодон явж байх үедээ хатуу хучилттай төв замын 68-69 дэх километрт нэхэмжлэгчийн эзэмшлийн 3 тооны хээлтэй гүүг мөргөж зам тээврийн осол гаргасан. 3 гүү 50 хувийн эрлийз ба “Араб” үүлдрийн цэвэр азарганд хураалгаж байсан. Энэ нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын “ЭГДЭМ” БГБХН мал эмнэлгийн тодорхойлолтоор хээлтэй байсан нь батлагдсан. Тиймээс 3 гүүний хохирлын төлбөр 22,500,000 төгрөг, адууны үнэлгээ тогтоолгосон ажлын хөлс 1,500,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
2.Хариуцагч Бат нь би хурд хэтрүүлээгүй явсан бөгөөд нэхэмжлэгч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй тул хохирлыг төлөхгүй мөн надад ч гэсэн хохирол учирсан гэж маргажээ.
3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Дондогийн гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад нэхэмжлэгчийн нэхсэн хохирлоос 6,750,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.
4.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан …нэхэмжлэгч Дондогийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлийн “З”-д заасан үүргийг зөрчиж, … хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал оруулсан тул Зөрчлийн тухай хуульд зааснаар 20,000 төгрөгөөр, хариуцагч Батыг … тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа нэхэмжлэгчийн эзэмшлийн 3 тооны гүүг мөргөж зам тээврийн осол гаргасан байх тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 100,000 төгрөгөөр тус тус торгож шийтгэл оногдуулсан байна.
Дондог, Бат нар нь эрх бүхий албан тушаалтны торгосон шийдвэрт гомдол гаргаагүй байх тул шийтгэлийн хуудас хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
5.Хариуцагч Бат нь … хатуу хучилттай зам дээр кровн маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Дондогийн 3 тооны гүүг мөргөж, зөрчлийн хэрэг үйлдсэний улмаас нэхэмжлэгчид 22,500,000 төгрөгийн хохирол учирсан.
6.Хариуцагч нь Иргэний хуульд зааснаар Дондогийн малыг устгасны хохирлыг бүрэн арилгах үүрэгтэй. Гэвч Иргэний хуульд хариуцагч зөрчил гаргахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн бол хохирлын хэмжээг багасгаж болохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл Дондог нь өөрийн эзэмшлийн малыг хараа хяналтгүй орхиж, хатуу хучилттай замд 50 метрээс дотогш мал оруулсан эс үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх тул гэм хорын хохирлын 30 хувь /22,500,000*30%/ болох 6,750,000 төгрөгийг Бат төлөх үүрэгтэй.
Тойм бичсэн: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр