Сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл нь малчнаар ажиллаж байсан хугацааг тодорхойлох боломжтой
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.02-ны өдрийн №214/МА2023/00014 магадлал
Тоймын дугаар огноо: №11, 2023.9.04
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Хүсэлт гаргагч П.Ж нь 2000-2008 онд мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
П.Ж нь давж заалдсан гомдолдоо: Эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүгчийн асуусан асуултыг сайн сонсоогүй, ойлгоогүй тул бодит байдлыг бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй, миний бие нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар нөхөн төлсөн тул малчнаар ажиллаж байсан байдлаа бүрэн тооцуулах хүсэлтэй. Иймд шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал;” нэхэмжлэлийг хүлээн авахаас шүүх татгалзах бөгөөд нэгэнт хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн хэргийн хувьд дээрх үндэслэл нь шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлт гаргагч П.Ж-ийн “мал маллаж байсан болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрсэн.
Учир нь Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ыг баталсан бөгөөд 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох малын “А” дансны лавлагаа, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, хөлсөөр ажиллах гэрээ байхгүй тохиолдолд тухайн сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл тодорхойлохоор тогтоосон байна.
Энэхүү зөвлөл нь сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, баг, хорооны Засаг дарга, нийгмийн даатгалын байцаагч, малчны болон малын бүртгэл хариуцсан мал зүйч, малын эмч, нийгмийн ажилтан, улсын бүртгэл, статистикийн асуудал хариуцсан ажилтан, олон жил удирдах албан тушаал хашиж байсан иргэн болон олон жил амьдарч байгаа нутгийн уугуул иргэний төлөөлөлөөс бүрдэх ба зөвлөлийн шийдвэр нь малчинд ойр, чирэгдэлгүй үйлчлэх зорилгыг агуулсан байхаас гадна малчин иргэн шүүхэд хандахаас өмнө уг зөвлөлд хүсэлт гаргаж шийдвэрлүүлдэг онцлогтой. Харин орон тооны бус байнгын зөвлөлийн гаргасан шийдвэрийг малчин иргэн эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрх нь нээлттэй бөгөөд шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм.
Магадлалыг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn
Тоймыг бэлтгэсэн: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг.