Барилгад гарсан галын улмаас учирсан хохирлыг өмчлөгч хариуцна.
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.12.23 132/ШШ2023/00001
Тоймын дугаар №01, огноо: 2023.01.17
Шийдвэрийн төлөв:Хүчин төгөлдөр болоогүй.
Иргэн Т нь 4 өмчлөгчтэй үл хөдлөх эд хөрөнгийн В тоотод байрлах, 41 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ба уг обьектдоо дэлгүүр ажиллуулдаг байна. Уг байранд гал гарч бүхэлдээ шатсаны улмаас иргэн Т өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо иргэн П, Ж, Д, С нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Ж нь уг байрны “Б” тоотоос гал гараагүй, П нь дэлгүүрийн худалдагч тул хариуцахгүй, С, Д нар нь Ж-ийн эхнэр, хүргэн ах нь ба “Б” тоотын өмчлөгч биш тул хохирлыг хариуцахгүй гэх агуулгаар тус тус маргасан.
Хэргийн үйл баримт, шинжээчийн дүгнэлтээр уг байрны бусад өмчлөгч нар ханан пийшингээр халдаг байрны халаалтын горимыг өөрчилж, эрчим хүчээр халаадаг болгосон. Б тоотын цахилгааны эх үүсвэрээс гал гарсан, хариуцагч П, С, Д нар нь уг обьектийн өмчлөгч биш, хариуцагч Ж нь өмчлөгч болох нь тус тус тогтоогдсон байна.
Иймээс шүүх цахилгаан эрчим хүч ашиглагч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах, галын аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй тул барилга байгууламжид байрлуулсан буюу оруулсан эрчим хүчний улмаас бусдын эд хөрөнгөнд хохирол учирсан гэж үзэн гал анхлан гарсан обьектын өмчлөгч Ж-ээс хохирлыг гаргуулж, бусад хариуцагч П, С, Д нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: ЭНД ДАРЖ танилцан уу
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн