“ХУШ МОДНЫ САМАР” ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ТҮҮЖ, ТЭЭВЭРЛЭСЭН ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭВ

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  2025 оны 02 дугаар сарын 20-ны  өдрийн дугаар 2025/ШЦТ/44 шийтгэх тогтоол
Шүүхийн шийдвэрийн тойм № 01, 2025.02.20
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэн Б.Э нь 2024 оны 09 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтад орсон “Хуш модны самар” түүж, тээвэрлэсэн үйлдэлд прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлснийг хянан хэлэлцэв.

Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д нэмэлт оруулсан 2015 оны 410 дугаар тогтоолоор “Сибирь нарс (Хуш)-Рinus sibirica” нь ховор ургамлын жагсаалтын 355-д орсон байна.

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” үйлдэл тус бүрийг гэмт хэрэгт тооцож “5400 нэгжээс 27,000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000-27,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” -ээр хууль тогтоогч тогтоосон болно.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/723 дугаартай тушаалын хавсралтаар тухайн онд ойгоос хуш модны бэлтгэх зөвшөөрөл буюу газар орон нутгийг тогтоосон байх бөгөөд тус тушаалаар Булган аймгийн нутаг дэвсгэрт хамаарах ойгоос хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Э-гийн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дэвсгэрт хамаарах газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 10 шуудай буюу 296 килограмм 360 грамм хуш модны самар нь “нойтон” болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтын 348-т зааснаар “нойтон Сибирь хуш (самар)-ны 1 килограммын үнэлгээг 98,900 төгрөгөөр” тогтоон мөрдөж байна.

Хуш модны самар буюу үр идээ нь ховор ургамалд хамаарахын зэрэгцээ ойн дагалдах баялагт тооцогдож, түүнийг түүх, бэлтгэх, зөвшөөрөл олгох, хохирол нөхөн төлүүлэх зэрэг харилцааг Ойн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасан “ойн санд учруулсан хохирол” гэж дүгнэн мөн зүйлийн  4 дэх хэсгийн 1-т заасныг баримтлан ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн дүнгээр тооцож буюу 296,360 кг х 98,900 төгрөг х 3 =87,930,012 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд олгуулахаар шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойн санд учруулсан 87,930,012 төгрөгийг сайн дураараа 3 жилийн хугацаанд  нөхөн төлөхөө илэрхийлсэн, улирлын, явуулын шинж чанартай буюу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид жолоочоор ажилладаг, түүний хувийн болон гэр бүлийн байдал, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ч.О нарын гаргасан хүсэлт, санал зэргийг харгалзан хуульд заасан “торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих” ял оногдуулахгүйгаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах /хохирол нөхөн төлөх/ талаар арга хэмжээ авах”, “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Мөн түүний  гэмт хэрэг үйлдэж олсон 296 килограмм 360 грамм хуш модны самар, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг тус тус улсын орлого болгохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад заасныг баримтлан гэм буруутай этгээдээс ойн санд учруулсан хохирол 87,930,012 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “торгох ял” оногдуулаагүй болохыг тодруулж байна.

Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу

Related Articles

Back to top button