“Шинэ ном” аяныг дэмжиж хууль, эрх зүйн ном хандивлалаа
Булган аймгийн Шүүх байгуулагдсаны 80 жилийн ойн бүтээлч ажлын нэг болох Шүүхийн номын сан 2016 онд байгуулагдаж, 1100 гаруй хууль эрх зүйн ном, гарын авлага, мэргэжлийн сэтгүүлээс бүрдсэн фондоор орон нутгийн хуульчид, эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан залуус, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг юм.
2020 онд Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас орон нутгийн хуульчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор номын сандаа “ШИНЭ НОМ” аян зохион байгуулж байна. Уг аяныг Монголын Хуульчдын холбоо дэмжиж эрх зүйн онолын болон практик судлал хосолсон 178 ширхэг ном хандивласныг орон нутгийн хуульчид баяртайгаар хүлээн авч байна.
Орон нутагт ажиллаж амьдарч буй хуульчдын мэргэжлийн мэдлэг, судалгааны эх сурвалжийг нэмэгдүүлж, иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилготой энэхүү аяныг дэмжиж хамтран ажилласан Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, тус холбооны орон нутаг хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Санчир, Булган аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө, Хуульчдын холбооны Булган салбарын зохицуулагч А.Дөлгөөн нарт Булган аймгийн шүүхийн хамт олон, тус аймгийн хуульчид, нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Шүүхийн тамгын газарт байрлаж буй номын сан нийт хуульчид, эрх зүйн мэргэжилтнүүд болон иргэд олон нийт, оюутан сурагчдад үүд хаалгаа байнгын нээлттэй байлгаж, үйлчилгээ үзүүлэх болно.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР,
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ
БУЛГАН АЙМАГ ДАХЬ САЛБАР