Хайрга ашиглах эрхийг аймгийн Засаг дарга олгоно
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 158/ШШ2024/0001
Тоймын огноо, дугаар: 2024 оны 01 дүгээр сарын 04, Дугаар 01
Тоймын төрөл: шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно
Нэхэмжлэгч “ХМТ” ХХКомпаниас: Геологи, уул уурхайн хяналтын “улсын байцаагч нь “эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авч, эрхийн бичиг авсан байхад зөвшөөрөлгүй хайрга олборлосон” гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаан үүсгэсэн.
Хариуцагч Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч: шалгалтын явцад “зөрчил үйлдэгч нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр хайрга олборлож, тээвэрлэсэн нь тогтоогдсон тул шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэв.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчээс түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга тээвэрлэхээр Хутаг-Өндөр сумын Засаг даргад хүсэлт гаргасан боловч түүний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариу ирээгүй байхад хайрга тээвэрлэх ажлыг эхлүүлсэн үйлдлийг хариуцагчаас “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан” гэж үзсэн нь үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь “сумын байгаль хамгаалагчаас “Ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг” олгосныг хайрга тээвэрлэх зөвшөөрөл” гэж маргаж байх боловч “ойн дагалт нөөц” гэдэгт түгээмэл тархацтай ашигт малтмал хамаарахгүй ба энэхүү эрхийн бичиг нь хайрга тээвэрлэснээс хойш олгогдсон байна.
Түүнчлэн түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайргыг ахуйн хэрэглээнд /бага хэмжээгээр/ олборлож, тээвэрлэхдээ аймгийн Засаг даргад хүсэлтээ гаргаж, зөвшөөрөл авахаар хуульд заасан ба сумын Засаг дарга болон байгаль хамгаалагч нар тусгай зөвшөөрөл олгох эрхгүй этгээдүүд юм.
Шийдвэрийг бүрэн эхээр нь харах цахим холбоос: shuukh.mn
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал