Баттай нотлох баримт байхгүй бол өмчлөх эрхийн гэрчилгээ олгохгүй
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 158/ ШШ2022/0042
Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 13, Дугаар 1
Тоймын төрөл: шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно
Нэхэмжлэгч Н.У, Б.Г, Х.Б нараас: бидний амьдарч байгаа байрыг бидэнд мэдэгдэлгүйгээр өөр хүнд өмчлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, бидний эрхийг зөрчсөн гэж маргасан.
Хариуцагч улсын бүртгэлээс “1991 оны Өмч хувьчлах комиссын протоколд маргаан бүхий байрыг худалдаж авсан Н.О” гэсэн байсан тул өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон гэв.
Иргэн Н.О нь “1991 оны Өмч хувьчлах комиссын протоколд миний нэр байгаа болохоор миний өмч, уг байрыг худалдан авахад өөр хүмүүс амьдарч байсан, эдгээр орон сууцанд амьдарч байгаагүй” гэж тайлбарласан.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Учир нь улсын бүртгэлийн байгууллага маргаан бүхий орон сууцны өмчлөгч хэн болохыг тогтоосон баттай нотлох баримт байхгүй байхад өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь буруу юм.
Өмч хувьчлалын протоколын хавсралт баримтад “маргаантай” гэж тэмдэглэсэн, түүнээс гадна Н.О тухайн байранд амьдраагүй олон жил болсон, тухайн байрыг дуудлага худалдаагаар авах үедээ өөр хүмүүс амьдарч байгаа талаар мэдсэн атлаа эдгээр иргэдтэй уулзаж, өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулж байгаагүй байна.
Гэтэл маргаан бүхий байранд нэхэмжлэгч иргэд амьдраад олон жил болж, өмчлөх эрхээ бодитоор хэрэгжүүлж байсан байхад захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулаагүй, зөвхөн Н.О-гийн хүсэлтээр, олон жилийн өмнөх баримтыг үндэслэн бүртгэл хийсэн нь хуульд нийцэхгүй.
Шийдвэрийг бүрэн эхээр нь харах цахим холбоос: ЭНД ДАРЖ танилцана уу
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал