Хувьцаа эзэмшигчдийн хооронд хувьцаа эзэмших эрхийн талаар маргаантай бол “хуулийн этгээдийн мэдээлэл”-д өөрчлөлт оруулахгүй
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 158/ШШ2022/0033
Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 13, Дугаар 2
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Нэхэмжлэгч “ША” ХХК-аас: “ША” ХХК-ийн энгийн хувьцаа эзэмшигч П.Ц-ын эзэмшлийн хувьцааг Л.Н өвлөх, Д.Ц-ын эзэмшиж буй хувьцааг П.М-т бэлэглэх, Л.Н болон П.М нарт хувьцааны эрх шилжүүлэх өөрчлөлтийг тусгасан тус компанийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч нарын захиргааны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, тухайн дүрмийг бүртгэхийг даалгуулахаар маргасан.
Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс болон улсын бүртгэгч нараас: ““ША” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Э-аас компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг, тус компанийн хувьцаа эзэмшигч Л.Н-аас дээрх хүсэлтийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх тухай мэдэгдлийг тус тус нэг өдөр ирүүлсэн тул нотлох баримтын зөрчилтэй гэдэг утгаар бүртгэхээс татгалзсан. Зөрчилтэй гэдэг нь хувьцаа шилжүүлэх, дүрэм бүртгүүлэхэд нэг хувьцаа эзэмшигч гарын үсэг зураагүй, 2 өөр утга санаатай өргөдөл ирсэн учраас татгалзах гол үндэслэл болсон” гэж тайлбарласан.
Гуравдагч этгээд Л.Н нь “Миний бие хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийн болон өв залгамжлалаар надад ногдох хувьцаатай холбоотой асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй. П.Э нь компани болон компаний хувьцаа эзэмшигчдийг бус зөвхөн өөрийн гэр бүлийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж илт хууль бус бүртгэл хийлгэхээр хүссэн” гэж тайлбарлав.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь: “ША” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дунд Д.Ц-ын эзэмшиж буй хувьцааг П.М-т бэлэглэх гэрээ, уг хувьцааны хэмжээгээр компанийн эрх шилжүүлэх гэрээ, П.М-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэх эсэх асуудлыг хэлэлцүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын хүчин төгөлдөр байдал, тус хурлаас гаргасан шийдвэрийн талаар маргаан үүссэн болох нь Л.Н-ийн улсын бүртгэлийн байгууллагад гаргасан хүсэлтээр илрэн гарсан гэж ойлгогдохоор байна.
Харин улсын бүртгэлийн байгууллага болон улсын бүртгэгчид компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд үүссэн маргааныг нягтлан шалгаж, эцэслэн шийдвэрлэх эрхийг олгоогүй байх тул нэхэмжлэгчээс улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүсч буй дүрмийг хуульд заасан шаардлага хангасан, зөрчилгүй баримт гэж үзээгүй хариуцагчийн үйл ажиллагаа зөв.
“ША” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дунд үүссэн дээрх маргааныг маргалдагч талууд өөрсдөө, эсхүл эрх бүхий байгууллагад хандаж эцэслэн шийдвэрлүүлсний эцэст шаардлагатай бол холбогдох хүсэлтээ дахин гаргах эрхтэй.
Шийдвэрийг бүрэн эхээр нь харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/11772?daterange=2022-01-19%20-%202023-01-31&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг