Ажил олгогч ослын талаар холбогдох байгууллагад мэдэгдэх, бүртгэх үүрэгтэй.

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 158/ ШШ2026/0012
Тоймын огноо, дугаар: 2026 оны 4 дүгээр сарын 21, Дугаар 1
Тоймын төрөл: шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Нэхэмжлэгч “Э” компани нь барилга угсралт, авто зам барих үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байх ба  компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажилтай иргэн М нь ажилдаа ирэх замдаа зам тээврийн осол гаргаж, эрүүгийн журмаар шийтгүүлсэн.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын улсын байцаагч: “Э” компани нь өөрийн ажилтны зам тээврийн осолд орсон нөхцөл байдал, ослын талаар холбогдох байгууллагад мэдэгдээгүй, үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэж буруутгав.

Э компаниас: “зөрчил гаргасан талаарх нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй, зам тээврийн ослыг үйлдвэрлэлийн осолд тооцсон нь үндэслэлгүй, давтан шийтгэл оногдуулсан, зөрчлийн хэрэг нээхгүй байх тохиолдолыг харгалзалгүй хэрэг нээж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэж маргав.

Шүүх компанийг буруутай гэж үзэв.

Учир нь Э компани нь ажил олгогч ба ажил олгогчид хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлэх учиртай. Ажил олгогч нь ажилтан осолд өртсөн тухай бүр нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх болон уг ослын талаар холбогдох байгууллагад мэдэгдэх, бүртгэх үүргийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн тул ажилтны зам тээврийн ослын талаар холбогдох байгууллагад мэдэгдэх, бүртгэх ёстой.

Ажилтан ажилдаа ирэх, буцах зам /ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд/ -даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед осолд өртсөн бол үйлдвэрлэлийн осолд тооцохоор хууль болон дүрэмд заасан ба ажилтан М-ийн зам тээврийн ослын талаар ажил олгогчоос бүртгэл хөтөлж, мэдэгдээгүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд хамаарах тул Э компанийг 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй.

Шийдвэрийг бүрэн эхээр нь харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/20230?daterange=2026-01-01%20-%202026-04-21&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал

Related Articles

Back to top button