Хуульд зааснаас илүү төлсөн татварыг буцаан олгоно
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 158/ШШ2022/0027
Тоймын огноо, дугаар: 2023 оны 3 дугаар сарын 10, Дугаар 4
Тоймын төрөл: шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Нэхэмжлэгч Х нь “Хөгжлийн бэрхшээлтэй байхад хувь хүний орлогын албан татвар суутган, төлөх ёсгүй татвар төлсөн. Энэхүү илүү төлсөн татварыг буцаан олгохоос татгалзсан Татварын хэлтсийн шийдвэрийг хүчингүй болгуулж, илүү төлсөн татвараа буцаан авна” гэж маргасан.
Хариуцагч татварын хэлтэс: “Нэхэмжлэгч нь өөрийн ажиллаж буй байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй болсон талаарх баримтаа гаргаж өгөөгүй тул ажил олгогчоос хувь хүний орлогын албан татварыг суутган улсын төсөвт төвлөрүүлсэн. Тиймээс нэхэмжлэгчид буцаан олгохгүй. Энэхүү илүү төлсөн татварыг Татварын хэлтэс суутгаагүй тул буруугүй” гэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Иргэн Х нь 2019 онд зүрхний титэм судасны нарийсал өвчний улмаас мэс заслын эмчилгээ хийлгэсэн. Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр Х-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар, 12 сараар тогтоож шийдвэрлэсэн тул Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар энэ төрлийн албан татварыг төлөхөөс чөлөөлөгдөнө.
Х нь хөдөлмөрийн чадварыг 60%-аар алдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болсон талаараа өөрийн ажиллаж буй байгууллагад мэдэгдээгүй ч ажил олгогч харьяалах Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөснөөр тухайн иргэний орлого /цалин, хөдөлмөрийн хөлс/-оос суутгах нийгмийн даатгалын шимтгэлийн код, хэмжээг өөрчилж хөдөлмөрийн чадвар алдсан иргэнээс суутгах хэмжээгээр суутгасан боловч хувь хүний орлогын албан татварыг төлөхөөс чөлөөлөлгүй хуульд заасан хэмжээгээр суутгаж, улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
Төлөхөөс чөлөөлөгдсөн татварыг ажил олгогч суутган төлснийг “илүү төлсөн татвар” гэж үзэх бөгөөд хариуцагч “нэгэнт төлж, төсөвт орсон” гэх үндэслэлээр уг татварыг буцаан олгохгүй байх нь буруу юм. Өөрөөр хэлбэл Монгол улсын хэмжээнд татварын төлөлт, хөнгөлөлт, чөлөөлөлт, илүү төлсөн татварыг буцаан олгох зэрэг асуудлыг татварын байгууллага хариуцдаг тул нэхэмжлэгчийн илүү төлсөн татварыг буцаан олгох асуудлыг харьяалах татварын хэлтэс хариуцах нь зүйтэй.
Шийдвэрийг бүрэн эхээр нь харах цахим холбоос: ЭНД ДАРЖ танилцана уу
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал