Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа хууль зөрчвөл прокурор дүгнэлт бичнэ
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 158/ ШШ2023/0001
Тоймын огноо, дугаар: 2023 оны 02 дугаар сарын 20, Дугаар 3
Тоймын төрөл: шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.С-аас: Татварын улсын байцаагч нь зөрчил гаргасан талаарх нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй, гаргасан зөрчилд тохирсон шийтгэлийг оногдуулаагүй үндэслэлээр уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж маргасан.
Хариуцагч татварын улсын байцаагч: шалгалтын явцад “зөрчил үйлдэгч төлбөрийн баримтыг олгоогүй” зөрчил илэрсэн, шийтгэлийн хуудсанд “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээдэггүй” гэж хуулийн зүйл заалтыг зөрүүтэй бичсэн нь буруу боловч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй, өөрчлөөд бичих боломжтой” гэв.
Шүүх прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Учир нь татварын улсын байцаагч нь маргаан бүхий шийтгэл оногдуулсан шийдвэрийг гаргахдаа хуулийн этгээдийн үйлдсэн гэх зөрчлийг нотлох ажиллагааг хийгээгүй, гагцхүү зөрчил үйлдэгч этгээдээс тайлбар авсан,
мөн “төлбөрийн баримт олгоогүй” гэж дүгнэсэн атлаа “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй” гэж шийтгэл оногдуулсан нь буруу юм.
Иргэн А.Б-ээс: Булган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “РГУ” ХХКомпани нь худалдан авагчид “төлбөрийн баримт олгодоггүй, олговол 10 хувийг нэмж төлөх шаардлага тавьдаг” гэх гомдлыг татварын нэгдсэн системд ирүүлснээр татварын улсын байцаагч нь хяналт шалгалт хийж, тус хуулийн этгээдэд арга хэмжээ авсан. Уг зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бөгөөд шийтгэл оногдуулсан шийдвэр нь хуулийн этгээдийн гаргасан зөрчилд тохироогүй, хуулийн зүйл, заалтыг зөрүүтэй бичсэнийг нөхөн засах боломжгүй.
Шийдвэрийг бүрэн эхээр нь харах цахим холбоос: ЭНД ДАРЖ танилцан уу
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал