ГАДААД УЛСЫН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД МОНГОЛ УЛСАД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХГҮЙ
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.06.07-ны өдрийн 158/ШШ2024/0018
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
“МД” ХК нь Булган аймгийн Засаг даргын 2009 оны 30, 2016 оны А/373 дугаар захирамжуудаар Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт “988м2” газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй байсан ба Төрийн үйлчилгээний цахим бүртгэлд газрын хэмжээг “668м2” гэж бүртгэсэн байна.
Тус хувьцаат компани нь 2024.01.26-ны өдөр газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гарган татгалзсан хариуг 2024.02.15-ны өдрийн 01/115 дугаартай албан бичгээр авчээ.
Тэрээр Булган аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан өөрийн газар эзэмших эрхийн хугацаа /988 м2 талбайн хэмжээгээр/-г сунгасан шийдвэр гаргуулан, төрийн үйлчилгээний цахим бүртгэлд “668м2” гэж бүртгэснийг “988м2” болгон өөрчлүүлэхээр маргаан үүсгэсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 5-д “Төрөөс гадаадын …хуулийн этгээд…д газрыг …ашиглуулж болно” гэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын …аж ахуйн нэгж…д олгоно”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын…аж ахуйн нэгж… байна” гэж тус тус заасан.
“МД” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн “Эцсийн өмчлөгчийн мэдээлэл” хэсэгт хувь нийлүүлсэн хөрөнгийн 99.79%-ийн өмчлөгчөөр гадаад улсын иргэн СБ-г 2020.06.10-ны өдөр бүртгэсэн байх тул Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар уг ХК нь гадаад улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болжээ.
Тиймээс “МД” ХК-ийн Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байршилтай 988м2 газрыг эзэмших эрх 2020.06.10-ны өдрөөр дуусгавар болох бөгөөд түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтийг хангах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг зөрчих тул шүүх тухайн маргааныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/16355?daterange=2024-01-01%20-%202024-10-15&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг