Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө байгаль орчны хяналтын алба болон засаг дарга нартай зөвшилцөн боловсруулж, хүргүүлсэн тохиолдолд түүнийг батлахыг засаг даргаас шаардах эрхтэй
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.07.03-ны өдрийн 158/ШШ2024/0023
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
“ЦД” ХХК нь “Булган аймгийн Х сумын Засаг даргатай “Байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээ”-г байгуулахаар очсон боловч Засаг дарга нь тодорхойгүй шалтгаанаар татгалзсан” гэж тайлбарлан тухайн гэрээг байгуулахгүй гэх Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, түүнд гэрээ байгуулахыг даалгуулахаар маргасан.
Хариуцагч Булган аймгийн Х сумын Засаг дарга нь “надад хандаж “ЦД” ХХК-ийн албан ёсны хүсэлт ирээгүй бөгөөд бичиг баримттай танилцах боломж олдоогүй тул уг нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно” гэж маргааныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлав.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ: Учир нь: Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар нэхэмжлэлд тусгагдсан “Байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээ”-г “ЦД” ХХК нь Х сумын Засаг даргатай бус, тус сумын нутгийн захиргааны байгууллагатай харьцахдаа байгуулах учиртай.
Харин дээрх хуулийн 38 дугаар зүйлд зааснаар “ЦД” ХХК нь тусгай зөвшөөрлийг авснаас хойш 30 хоногийн дотор Булган аймгийн байгаль орчны хяналтын алба болон Х сумын Засаг дарга нартай тус тус зөвшилцөн боловсруулсан
- ашигт малтмалын хайгуул хийхдээ хэрэгжүүлэх хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх,
- эвдэгдсэн газрыг цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгасан “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлуулахаар тухайн Засаг даргад хүргүүлэх үүрэгтэй байна.
Гэтэл нэхэмжлэгч компани нь “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-гөө Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу боловсруулах, ингэж боловсруулсан төлөвлөгөөгөө батлуулахаар Х сумын Засаг даргад хүргүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа тус сумын захиргааны байгууллагатай байгуулах учиртай гэрээг Засаг даргаар батлуулахаар маргаж буй нь үндэслэлгүй.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/16409?daterange=2024-01-01%20-%202024-10-18&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг