Дотоод сургалтЦаг үеийн мэдээЭвлэрүүлэн зуучл

ЭМГЭНЭЛ

МАХГАЛЫН НАЙДАН /1941-2021/

 Ахмад шүүгч, Хууль зүйн туслалцааны төвийн ахлах улсын өмгөөлөгч асан Махгалын Найдан нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо.

Хүж овогт Махгалын Найдан 1941 онд Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутаг 1-р багийн нутаг Тэлд төржээ. 1951 онд сумынхаа бага сургуульд суралцаад Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит 10 жилийн сургуулийг 1961 онд дүүргэжээ. М.Найдан 1962 оноос Баруунбүрэн сумын 7 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Тэрбээр 1966-1968 онд Сэлэнгэ аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, аймгийн “Сүхбаатарын туг” сонины хянагч, редактор, 1968-1971 онд Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт хэсгийн прокуророор ажиллав. 1971-1975 онд МУИС-ийн хуулийн ангид суралцаж төгсөөд 1975 оны 07 дугаар сараас Булган аймгийн Эрдэнэт хотын прокуророор ажиллаж дөнгөж бий болж эхэлсэн шинэ хотын прокурорын байгууллагын тулгын чулууг тавьж, хууль хяналтын хариуцлагатай ажлыг хашиж эхэлсэн.  М.Найданы хуулийн салбарт хийж ирсэн  ажил: 1975 онд Булган аймгийн Эрдэнэт хотын анхны прокурор, 1976-1978 онд Эрдэнэт хотын прокурор, 1978-1980 онд Архангай аймгийн Прокурорын газарт мөрдөн байцаалт эрхэлсэн туслах прокурор, 1980-1984 онд Архангай аймгийн ХАА-н нэгдлийн зөвлөлд хуулийн ахлах зөвлөх, 1984-1987 онд Архангай аймгийн АДХГЗ-ны дэргэдэх арбитрт улсын арбитрч, 1991-1993 онд Булган аймгийн Шүүхэд шүүхийн гишүүн, 1991-1997 онд Булган аймгийн Сум дундын шүүхэд шүүгч, 1997-1999 онд Булган аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн дарга, 2000-2003 онд тус аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд дадлагажигч өмгөөлөгч, 2008-2013 онд Булган аймгийн эрх зүйн туслалцааны төвд өмгөөлөгч, 2014 оноос хууль зүйн туслалцааны төвийн Булган аймаг дахь салбарын ахлах улсын өмгөөлөгчөөр ажиллаж байсан.

М.Найдан нь улс нийгэмдээ тасралтгүй 51 жил,  хууль зүйн салбарт 42 жил тасралтгүй ажиллахдаа өөрийн мэдлэг, хууль хэрэглэх ур чадвар, дадлагад тулгуурлан шударга үнэний төлөө хүч хөдөлмөрөө зориулан ажилласан.

Талийгаачийн ажилч хичээнгүй,  шударга, эгэл даруу, бусдыг халамжлах, сургах, хойч үеэ бэлтгэх үйлсэд оруулсан зүтгэл, хүнлэг, энэрэнгүй сайхан чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

                                     Ум сайн амгалан болтугай.

                        БУЛГАН АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН

Related Articles

Back to top button