Хураагдсан самрыг дур мэдэн худалдсан албан тушаалтанд торгох ял оногдуулав
Шийтгэх тогтоолын дугаар: Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/28
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Прокуророос сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан М-ийг “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М нь хяналт шалгалтын албаны чиг үүргээ гүйцэтгэж байх явцад эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөс илүү хэмжээгээр самар бэлтгэсэн нэр бүхий 5 иргэнээс 200 кг хуш модны самрыг хураан авсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад, хураасан уг самрыг бусдад худалдан борлуулж, мөнгийг нь тухайн самрыг бэлтгэсэн иргэдэд буцаан шилжүүлсэн байна.
Шүүхээс, шүүгдэгч М-ийг төрийн албан хаагчаар ажиллаж, хуульд заасан албаны чиг үүргийг хэрэгжүүлж, хяналт шалгалт хийх явцдаа хураан авсан хуш модны самрыг эрх бүхий этгээдээс шийдвэр гараагүй байхад дур мэдэн худалдан борлуулсан нь “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангасан, гэм буруутай гэж үзэв.
Шүүгдэгч М нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдлийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан ба прокуророос хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж М-д 5.400.000 /Таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд ирүүлснийг шүүх хүлээж авч шийдвэрлэв.
Тодруулбал шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокуророос шилжүүлсэн хэргийг шийдвэрлэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэснийг үндэслэн шүүгдэгч М-д 5.400.000 /Таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.
Жич: Хууль бусаар хуш модны самар бэлтгэсэн нэр бүхий этгээдүүдэд мөн харъяалах шүүхээс “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан ба өөр шүүхээр шийдвэрлэгдсэн тул энэ тоймд дэлгэрэнгүй тусгаагүй болно.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь харах холбоос: ЭНД ДАРЖ танилцан уу
Тойм бэлтгэсэн: Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ