Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхЭрүүгийн хэргийн шийдвэр

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийг улсын орлого болгоно

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.23-ны өдрийн №2023/ДШМ/04 дугаартай магадлал

Тоймын дугаар огноо: №05, 2023.03.06
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Хаш, Дорж (өөрчилсөн) нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Хаш, Дорж нарыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглаж, бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийг эзэмшигчид нь буцаан олгож, хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай прокурорын эсэргүүцэлийг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийг улсын орлого болгох, өөр хүний эзэмшилд байгаа тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс албадан гаргуулж улсын төсөвт оруулах хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж дүгнэсэн.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, мөн шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолын тогтоох хэсэг зөрүүтэй бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Магадлалыг бүтнээр харах цахим холбоос:  ЭНД ДАРЖ танилцана уу

Тоймыг бэлтгэсэн: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал

Related Articles

Back to top button