Нэр бүхий шүүгдэгч Ш.Н, Г.М  нарыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шийтгэх тогтоолын дугаар: Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/225
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Н, Г.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, тэдний гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр тус шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүх хуралдааны явцад талуудын шинжлэн судалсан яллах болон цагаатгах нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодит байдлаар нь харьцуулан шинжлэн судалж, талуудын мэтгэлцээний хүрээнд хэргийн бодит байдлыг дараах байдлаар тогтоов.

Булган аймгийн Сэлэнгэ сумын засаг даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ш.Н, тус сумын газрын даамлаар ажиллаж байсан Г.М нар нь өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, тус сумын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын  2009 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдээгүй газрыг “Гацуурт” ХХК-нд эзэмшүүлэхээр 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр газар олгож “Гацуурт” ХХК-нд давуу байдал бий олгосон гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдсон гэж дүгнэж, нэр бүхий хоёр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Харин шүүгдэгч Ш.Н, Г.М нарт холбогдох “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг  нэр бүхий хоёр шүүгдэгч хамтран  үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгав.

 Хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудаар Булган аймгийн Сэлэнгэ сумын газрын даамлаар ажиллаж байсан Г.М  нь албан тушаал, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашигласан гэмт хэргээ  үргэлжлүүлэн Гацуурт ХХК-нд  газрын гэрчилгээ олгосон, уг газрын гэрчилгээг газрын мэдээллийн санд оруулсан болох нь тогтоогдсон бөгөөд түүнийг үргэлжилсэн үйлдлээр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулав.

Харин хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар  Булган аймгийн Сэлэнгэ сумын засаг даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ш.Н  нь шүүгдэгч Г.М-ийн үргэлжилсэн үйлдлээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн.

Гэмт хэрэг 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдэж, 2022 оны 06 сарын 09-ны өдөр МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДААС  дээрх нэр дурдсан шүүгдэгч нарын хууль бус үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаар гэмт хэрэг илэрч, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад тулгуурлан Булган аймгийн С сумын засаг даргаар ажиллаж байсан Ш.Н-ыг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Шүүгдэгч Ш.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаагаар тогтоосон байна.

Дээрх хуулийн заалтын 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж тодорхой хуульчилжээ.

Шүүгдэгч Ш.Н-г 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “ гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ

Back to top button