ХЭРГЭЭ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР ХҮСЭЛТ ГАРГАСАН БОЛ ДАВАХ ГОМДОЛ ГАРГАХ ЭРХГҮЙ
Шүүхийн нэр, захирамжийн дугаар: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/23
Тоймын дугаар, огноо: №01, 2024.11.13
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Д нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд үйлдэх явцдаа хууль сахиулагчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Д хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг Прокурор хангаж шийдвэрлэсэн. Прокурор Д-д хэргийн зүйлчлэл, ялын саналыг танилцуулсныг Д нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Д-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялыг 3,150,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.
Д нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан би өөрийн хийсэн хэргээ ухамсарлаж байна. Би төрийн албанд ажиллаж байгаа ба цаашид ажил албан тушаалтай минь холбогдсон асуудал үүсэх тул миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн гомдол гаргажээ.
Д нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг Прокурор хангаж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авсны дараа Д-д шүүх хуралдааны дэг болон эрх, үүрэг танилцуулан гарын үсэг зуруулсан байх ба шүүх хуралдаанд тэрээр гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл байдлуудыг хянан тодруулсны эцэст прокурорын саналын хүрээнд Д-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Д нь шүүхийн шийдвэр гарсны дараа “Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй тул Д-ийн гомдлыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үндэслэлгүй юм.
Иймд Д-ийн давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш гэсэн үндэслэлээр хэлэлцүүлэхгүй буцааж шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр