Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулав
Шийдвэрийн дугаар: Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ХМШЗ/28
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Шүүгдэгч Х. Б нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, зээ охин нарыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “зан үйлээ засах” сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосон болно.
Х.Б тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тул тэнсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын санал, прокурорын дүгнэлтийг шүүх хүлээн авч хянал хэлэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар Х.Б нь тэнссэн хугацаанд “зан үйлээ засах сургалтад хамрагдаагүй”, удаа дараа “согтууруулах ундаа хэрэглэсэн” болох нь тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж хуульчилсан.
Иймд шүүх прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Х.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулав.
Тойм бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу
