Нийт шүүгчийн III чуулган хуралдаж байна ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨᠠ
Нийт шүүгчийн III чуулган 2025.10.09,10-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Төрийн ордонд болж байна. Монгол Улсын шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил дутамд зохион байгуулдаг. “Нийт шүүгчийн III чуулган”-ыг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгч нараас бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байна.
Монгол Улсын хэмжээнд нийт 517 шүүгч ажиллаж байгаа бөгөөд Нийт шүүгчийн III чуулганд 498 шүүгч биечлэн оролцож байгаагаас Булган аймгийн анхан болон давж заалдах шатны 10 шүүгч бүгд биечлэн оролцож, Шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сайжруулах чиглэлээр санал санаачилга гаргах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох эрхээ хэрэгжүүлж байна.
Нийт шүүгчийн III чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох бөгөөд шүүхийн шинэтгэл, Нийт шүүгчийн чуулганы дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах болон хуваарилах, Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, Шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, Шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга хариуцлагыг сайжруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.