Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэний хэргийн шийдвэр

Орон сууцыг дуудлага худалдаагаар авсан боловч өмчлөх эрхээ баталгаажуулаагүй бол өмчлөгч гэж үзэхгүй

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2023.03.07 132/ШШ2023/00110
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
2023.03.29. Шүүхийн шийдвэрийн хураангуй №03

Хуяг нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг Батад холбогдуулан гаргаж, үндэслэлээ 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаагаар хариуцагч Батын амьдарч байсан 2 өрөө орон сууцыг худалдан авсан гэж тайлбарлаж, миний өмчлөх эрхтэй орон сууц болох нь дуудлага худалдааны протоколоор нотлогдоно гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжин оролцсон.

Хариуцагч Бат нь дуудлага худалдаагаар авсан орон сууцандаа Хуяг огт амьдарч байгаагүй. Бат тухайн орон сууцыг Ганзориг гэх хүнээс худалдан авч амьдарч байтал тухайн орон сууц галд шатаж устсан гэж маргадаг.

Хэрэгт авагдсан  дуудлага худалдааны протокольд дуудлага худалдаагаар байр авсан хүмүүс 15 хоногийн дотор материалаа бүрдүүлсний дараа хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор тогтов” гэжээ. Энэхүү дуудлага худалдааны протоколоос харахад дуудлага худалдаанд оролцож, байр худалдан авсан иргэд тодорхой бичиг баримтыг бүрдүүлэн өмч хувьчлалын комисст өгснөөр худалдан авсан байраа өөрийн эзэмшилд авсныг нотлох баримт бичгийг олгохоор заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч Хуяг нь Өмч хувьчлалын комисст материалаа бүрдүүлэн өгч, өмчлөх эрхээ баталгаажуулаагүй тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд  түүнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгоогүй болох нь тогтоогдсон.

Мөн маргаан бүхий орон сууцанд нэхэмжлэгч огт амьдарч байгаагүй тул Хуягийг дуудлага худалдаагаар авсан гэх 2 өрөө орон сууцны өмчлөгөөр тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтийг хийж, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр

Related Articles

Back to top button