Ажил мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгууллаа
Булган аймаг дахь шүүхийн тамгын газар, Монголын шүүгчдийн холбооны Булган аймаг дахь салбар холбоотой хамтран шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Ажил мэргэжлийн ур чадвар”-ын уралдааныг шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын дунд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Тус уралдааныг Онолын мэдлэг, эрх зүйн баримт бичиг боловсруулах ур чадвар, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, түргэн бичилт, хэрэглээний программ ашиглах чадвар гэсэн 4 үе шаттайгаар зохион явуулсан байна.
Ажил мэргэжлийн уралдааныг тус шүүхийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй шүүсэн бөгөөд уралдаанд шүүгчийн туслах Б.Азжаргал 1-р байр, шүүгчийн туслах М.Даариймаа 2-р байрт тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг