Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэний хэргийн шийдвэр

Ажилтан сахилгын зөрчил гаргасныг ажил олгогч баримтаар нотлох үүрэгтэй

Шүүхийн шийдвэрийн дугаар: 132/ШШ2023/00016

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2023.02.08. Шүүхийн шийдвэрийн хураангуй №02

 Дорж нь “Н” газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“Н” газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Дорж нь ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажлаа чанар муутай гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, байгууллагын үйл ажиллагаанд төвөг учруулсан, 2021 онд сахилгын шийтгэл авч байсан, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын байраа орхин явсан тул ажлаас чөлөөлсөн гэж маргадаг.

Нэхэмжлэгч Дорж шүүх хуралдааны шатанд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаас татгалзсан тул Доржийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

Ажил олгогч Доржийг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэлээ болгосон.

Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь ажилтан сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг хэлэх ба гаргасан зөрчил тус бүрийг нь ажилтанд мэдэгдсэн байх ёстой.

 Ажил олгогчоос Доржид сахилгын шийтгэл 1 удаа оногдуулсан.  Харин Доржийн хоёр дахь удаагийн сахилгын зөрчлийг ажил олгогчоос  Доржийн 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш ажлын байраа орхин явсан үйлдлийг сахилгын зөрчил гэж үзэн ажлаас чөлөөлсөн гэдэг.

Гэвч ажил олгогч нь Доржид  2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралт олгож, амралтын мөнгө өгсөн нь баримтаар тогтоогдсон тул Доржийг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажлаа орхин явсан гэж үзэхээргүй ба Доржид гаргасан зөрчлийн талаар мэдэгдээгүй байна.

Иймд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан “Н” газрын даргын тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэн, Доржийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр

Related Articles

Back to top button