Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэний хэргийн шийдвэр

Хэргийн нөхцөл байдлыг харгалзан анзын хэмжээг шүүх багасгах боломжтой

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022.11.15-ны өдрийн №214/МА2022/00024 дугаартай магадлал
Тоймын дугаар огноо: №01, 2023.01.09
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Иргэн Од иргэн Галаас зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 75 500 000 төгрөг, алданги 37 750 000 төгрөг, нийт 113 250 000 төгрөг гаргуулахаар шаарджээ. /иргэдийн нэрийг өөрчилсөн/

Хэрэгт авагдсан баримтаар тэдний хооронд 15 хоногийн хугацаатай, 100 000 000 төгрөгийг  сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хоцорсон тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд 44 000 000 төгрөгийг буцаан төлсөн талаар банкны дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн байдаг.

Анхан шатны шүүх зээлийн гэрээг “хүчин төгөлдөр гэрээ” гэж дүгнэн үндсэн зээлийн төлбөрт 59 500 000 төгрөг, алдангийн төлбөрт 29 750 000 төгрөг, нийт 89 250 000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Гал “…ковед өвчний улмаас үйл ажиллагаа зогссон. Үүнийг шүүх анхаарч үзсэнгүй, алдангийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан ба хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж шийдвэрлэх боломжтой бөгөөд ковед цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нийтэд илэрхий үйл явдал тул түүнийг заавал нотлох баримтаар нотлох шаардлагагүй гэж үзэн анзын хэмжээг 50 хувиар багасгаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: ЭНД ДАРЖ танилцана уу

Тоймыг бэлтгэсэн: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг.

Related Articles

Back to top button